БСШУ-ны
сайд Лу.Гантөмөр өчигдөр буюу 4-р сарын 15-ны өдөр Багшийн хөгжлийн
ордонд “Дэлхийд өрсөлдөх монгол хүн” сэдэвт лекц уншлаа. Тэрбээр
энэ удаа өөрийн тэргүүлж буй салбар яамны харьяа байгууллагууд болох
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сургалтын төрийн сан, Нийслэлийн
Боловсролын газар, Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын
үндсэний төв, Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллагуудын 200 гаруй
ажилтан албан хаагчдад лекцээ уншиж боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа.“Дэлхий
дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо.
Байгалийн
баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц
болжээ. Өнөөдөр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж
чадаж байгаа улс орон хөгждөг тийм нийгэм ирлээ.
Мэдлэгийн
эдийн засаг гэж юу вэ гэж асууж байна. Жишээ татъя, монголчууд бидний
хамгийн сайн мэддэг “Apple” фирмийн гаргасан “IPhone” гар утас
үйлдвэрлэгдсэн цагаасаа хэдий хугацаанд хэчнээн удаа өөрчлөгдөн
шинэчлэгдсэнийг бид мэднэ. “IPhone” утсанд орсон түүхий эд 15 ам.доллар
гэж үзвэл бидний гар дээр ирэхдээ 1000 ам.долларын үнээр зарагддаг.
”Samsung”-ын гар утаснууд ч мөн ялгаагүй, технологийн шинэ мэдлэг
шингэсэн учраас дэлхий дахинд сая, саяаар борлуулагдаж чадаж байна.
Товчхондоо 10 ам.долларын бүтээгдэхүүн 1000 ам.доллар хүрч байгааг
мэдлэгийн эдийн засаг гэж хэлээд байгаа юм” гэсэн бөгөөд цааш нь хүний тархины хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж “ Монголыг монгол толгой л хөгжүүлнэ. Үүний
тулд хүнээ хөгжүүлэхэд анхаарч боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл
хийж байгаа юм шүү. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой. Сайн хүүхэд, муу
хүүхэд гэж байх ёсгүй. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн эцсийн зорилго нь
мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хүнээ бэлтгэхэд оршино.
Үндсийг нь суулгаж, тарих хүн нь багш та нар. Суурийг нь зөв тавьчихсан
байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш суралцана. Нэг зүйлийг
анхаараарай, мэдлэг бүхэн гарт нь орж байж мэдлэг болно. Зөвхөн онолоор
мэдлэг суухгүй, туршилт судалгаа энэ бүхэн зэрэгцэж сая гарт орно.
Багш
нараа сургах, мэдлэгийг нь дээшлүүлэхэд яам бүхий л боломжит аргуудаа
ашиглаж байгаа. Тэр бүх боломжийг ашиглаж, суралцаарай. Өнөөдөр бид
мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Шинэ, шинэ мэдээлэл, мэдлэгийг орон
зай цаг хугацаа үл хамааран авах боломж хангалттай бий, тэр бүгдийг
бүрэн дүүрэн ашиглаарай” гэж салбарынхандаа захисан юм.
0 comments:
Post a Comment