Home » , , » “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн Unknown | 2014-03-04 | 6:12 AM

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
  Нэг. Нийтлэг үндэслэл
  Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.
 
Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: “... эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ”, “ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.
 
Үндэсний уламжлал, хөгжил болон даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлж, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө улс орны эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлага бий болж байна.
 
Хүүхдэд хөгжиж төлөвших боломж олгох, уламжлал, шинэчлэл хосолсон, хүүхэд төвтэй соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгмийн бүхий л бүлэгт зориулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж  байна.
 
Монгол Улсын төрөөс бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг боловсронгуй болгох бодлогыг хэрэгжүүлж ирлээ. 2012 оны байдлаар манай улсад 879 цэцэрлэгт нийт 164263 хүүхэд хамрагдаж байгаа нь 2-5 насны нийт хүүхдийн 68,4 хувийг эзэлж байгаа юм. Жил бүр тодорхой тооны цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо тогтмол өсөж байгаа хэдий ч эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байна.
 
Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа нэгэн хэв загвартай, “багш төвт” сургалт давамгайлан явагдаж байгаагаас хүүхэд бүр багшаас өөрийнхөө онцлог болон эрэлт хэрэгцээнд нийцсэн дэмжлэг туслалцааг авах, түүнчлэн цэцэрлэгийн аливаа үйлд сонголттой, идэвхтэй, бүтээлчээр оролцох боломж хомс байгаа нь цэцэрлэгийн орчин нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг илэрхийлж байгаа юм.
 
Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургуульд бэлтгэх” гэсэн өрөөсгөл утгаар авч үзэхээс зайлсхийж, хүний хөгжлийн үндсэн суурь үе болох бага насандаа хүүхэд бүр өөрийн онцлог, авьяас билэг, бүтээлч үйлдлээрээ эрүүл, аюулгүй орчинд хөгжих боломж олгоход чиглүүлэх шаардлага тулгарч байна.
 
2012 оны байдлаар бага боловсролын сургуульд хамрагдсан хүүхдийн түвшин 95.2 хувь, дунд боловсролын сургуульд хамрагдсан хүүхдийн түвшин    89.9 хувьд хүрч байгаа хэдий ч сургалтын чанар орон нутаг, сургууль, хүүхэд бүрт харилцан адилгүй байна. 2010 онд явуулсан “ТИМСС/ПИРЛС-2011” туршилтын судалгаагаар ҮIII ангийн сурагчдын  математик, байгалийн ухааны хичээлийн  үнэлгээний дундаж 25.8 хувь, IҮ ангийн сурагчдынх 39.6 хувьтай гарч, сургалтын чанар хангалтгүй байгааг нотлон харуулсан.
 
Өнөөгийн боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлээ дэмжих чадвар сул, ажиллах хүн хүчний нөөцийг бүрэн бүрдүүлэх чадамжгүй, суралцагчдын иргэний төлөвшлийг хангалттай түвшинд хүргэж чаддаггүй гэж дүгнэсээр байгаа юм.
 
Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байгаагаас дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна. 
 
Иймд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлж “Нийт хүүхэд” гэсэн ойлголтоос “Хүүхэд бүрийн хөгжил” гэсэн зорилгыг дэвшүүлж хэрэгжүүлэх шаардлага гарч байна. 

Хүүхэд бүр байгалиас заяасан авьяас, чадвараа нээн хөгжүүлснээр бага наснаасаа мэргэжлийн чиг баримжаатай болж, улмаар хийж бүтээх чиглэл, ажил, мэргэжлээ зөв сонгон, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй хөдөлмөрлөж, сайхан амьдрах цогц мэдлэг, чадвартай иргэн болж төлөвших нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

           Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгын хүрээнд өсвөр үеийнхний нийтлэг сайн сайхан байдал, хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, хэрэгжилтийг хангах нь  хөтөлбөрийг боловсруулах нийтлэг үндэслэл болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 
Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэхэд  хөтөлбөрийн зорилго оршино.
 
Гурав. Хөтөлбөрийн зарчим
 
3.1. Хөтөлбөрийн агуулга, хэрэгжилт нь нийгмийн хөгжил, орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан байх.
3.2. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих  арга зүй, технологийг хэрэгжүүлэх.
3.3. Хүүхэд бүрийг боловсрол эзэмших тэгш боломжоор хангах.
3.4. Боловсролын чанарыг хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлөөр үнэлэх.
3.5. Гэр бүл, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах.
 
Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа
 
4.1. 2013-2014 он: Туршилтын үе шат.
4.2. 2014-2016 он: Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үе шат.
 
Тав. Хөтөлбөрийн бүтэц
 
“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь  “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.
 
Зургаа. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын
              чанарын шинэчлэл”  дэд хөтөлбөрийн зорилт,
                  хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
6.1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдуулан шинэчлэн боловсруулах:

6.1.1. бага насны хүүхдийн суралцахуй, хөгжлийн талаар дэлхийн улс орнуудын баримталж буй чиг хандлага, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогод нийцүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээг боловсруулна;
6.1.2. сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмших чадвар болон хүүхдийн жам ёсны хөгжилд суурилан боловсруулсан сургалтын үндсэн хүрээг цэцэрлэгийн түвшний хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ;
6.1.3. ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын хөгжлийн дэлхийн чиг хандлагыг баримжаалан, ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тогтолцоонд нийцсэн бага, дунд боловсролын үндэсний стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулна;
6.1.4. хүмүүнлэг, ардчилсан нийгмийн иргэнд зайлшгүй төлөвшсөн байх чадамжид суурилан нэн тэргүүнд монгол хэл, математик, байгалийн ухааны стандартыг боловсруулна. Ахлах ангийн сургалтын хөтөлбөр уян хатан, хувилбартай байна;
6.1.5. бага, дунд боловсролын стандартыг сургалтын үндэсний цөм хөтөлбөр болон сургуулийн түвшний хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдуулан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална;
6.1.6. бага, дунд, ахлах ангид судлах сургалтын агуулгыг багцлах, нягтруулах, залгамж холбоог сайжруулах замаар судлах хичээлийн тоог судалгааны үндсэн дээр оновчтой тогтооно.
6.2. Хүүхэд бүр хөгжихүйц сургалтын арга зүй, технологийг нэвтрүүлэх:
6.2.1. сургалтын технологийг суралцагчдын үйл ажиллагаанд тулгуурлан мэдлэг, чадвар, бүтээх, хамтран ажиллах арга барил эзэмшихэд чиглүүлэн шинэчилнэ;
6.2.2. сургалтад хүүхэд бүр хөгжих боломж, нөхцөлийг хангах технологийг боловсруулан хэрэгжүүлж, “Боловсролын арга зүй, технологийн   сан”-г бүрдүүлж хөгжүүлнэ;
6.2.3. боловсролын үйлчилгээний чанар, цэцэрлэг, сургууль, багшийн үйл ажиллагааг үнэлэх шалгуурт сургалтын арга, технологийн шинэчлэл хийж, хэрэгжүүлж байгаа байдлыг тусгана;
6.2.4. боловсролын салбарын бүх шатны удирдах болон арга зүйн ажилтан, багш нарын боловсролын онол, арга зүйн мэдлэг, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барилыг шинэчлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.3. Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох:
6.3.1. сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжилд гарч буй ахиц өөрчлөлтийг үнэлэх, шаардлагатай мэдээллийг цуглуулж баримтжуулах арга технологийг боловсруулж хэрэгжүүлнэ;
6.3.2. бага, суурь, бүрэн дунд боловсролын сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний арга зүйг шинэчлэн хэрэгжүүлнэ;
6.3.3. боловсролын үр дүнгийн үнэлгээний үндсэн шалгуур нь суралцагчдын эзэмшсэн мэдлэг чадвар, төлөвшил байхаар үнэлгээний шалгуур үзүүлэлт (бенчмарк) боловсруулж хэрэгжүүлнэ;
6.3.4. бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх ажлыг олон улсын үнэлгээний аргачлалаар үндэсний хэмжээнд тодорхой давтамжтайгаар хийнэ.
6.4. Нийгмийн захиалга, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангасан багш бэлтгэх болон багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бий болгох:
6.4.1. олон улсын чиг хандлагад нийцүүлэн “Багш” мэргэжлийн стандарт, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ;
6.4.2. цэцэрлэгийн багшийг бакалавар зэрэгтэй, арга зүйч, эрхлэгчийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй байхаар бэлтгэх тогтолцоог бий болгоно;
6.4.3. цэцэрлэгийг ээлжийн багштай болгох асуудлыг эрэмбэ дараатайгаар шийдвэрлэнэ;
6.4.4. ерөнхий боловсролын сургуульд магистр зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ;
6.4.5. багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багшид тавигдах шаардлага, стандартыг боловсруулж, тэдний тасралтгүй хөгжлийг хангах мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгоно;
6.4.6. багш бэлтгэдэг их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөж, багш болох авьяас, хүсэл сонирхлыг нь харгалзан элсүүлнэ;
6.4.7. багш мэргэжлээр элсэгч болон төгсөгчийн тоо нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцэж буй эсэхийг мэргэжлийн чиглэл бүрээр судалж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг тандах судалгааг тогтмолжуулна;
6.4.8. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог, боловсролын төлөвлөлт, үнэлгээний олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, удирдах ажилтны мэдээллийн санг бий болгоно;
6.4.9. багш, удирдах ажилтан бүрийг мэргэжил, арга зүй, ур чадвараа дээшлүүлэх тэгш боломжоор ханган сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээ авах тогтолцоог бүрдүүлнэ;
6.4.10. багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх хэрэгцээг судлах, үнэлгээний чанар, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, туршилт судалгаа явуулах, багш судлалыг хөгжүүлэхэд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоог дэмжиж ажиллана.
6.5. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн стандартыг шинэчлэн боловсронгуй болгох:
6.5.1. сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын орчны стандартыг шинээр боловсруулж мөрдөнө. Энэхүү стандартаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд тавигдах шаардлага, үзүүлэлтийг тодорхойлно;
6.5.2. төрийн, төрийн бус өмчийн болон байгууллагын цэцэрлэгийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, цэцэрлэгийн ачааллыг багасган нэг бүлэгт байх хүүхдийн тоог хэвийн хэмжээнд хүргэх чиглэл баримтална;
6.5.3. цэцэрлэгийн ангиудыг стандартын шаардлага хангасан, хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн, чанартай тоглоом наадгай, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг гүйцэтгэнэ;
6.5.4. бага, дунд боловсролын түвшинд хэрэглэгдэх багшийн болон сурагчийн ном, цахим, аудио, видео зэрэг сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээс бүрдсэн сурах бичигт тавигдах шаардлага, стандартыг шинэчлэн боловсруулна;
6.5.5. сурах бичиг судлах, зохиох, бүтээх арга зүйн чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг мэргэшүүлнэ;
6.5.6. сурах бичгийн чанарыг дээшлүүлэхэд хэрэглэгч, олон нийтийн саналыг тусгах механизм бүрдүүлнэ.
6.6. Боловсролын бүх шатны байгууллагыг чадавхжуулан байгууллага, хамт олон, ажилтны бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих:
6.6.1. аймаг, нийслэлийн боловсролын асуудал хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийг цэцэрлэг, сургууль, багш нарт арга зүй, технологийн дэмжлэг туслалцаа үзүүлэх мэргэжлийн байгууллага болгон өөрчилнө;
6.6.2. сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавин, үнэлгээ өгөх, сонирхлын бүлгүүдийн оролцоог хангахад чиглэсэн сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргийг бодитой хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ;

6.6.3. сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг орон нутгийн мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой сонгон шалгаруулж, томилдог байх эрх зүйн орчныг бий болгож, удирдах ажилтныг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно;
6.6.4. бүх шатны боловсролын  байгууллагын ажилтан ажлын байрандаа хөгжих боломжийг хангасан орчныг бүрдүүлнэ;
6.6.5. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх арга зүйг нэвтрүүлнэ;
6.6.6. хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн   багшийн ажлын үнэлгээний арга зүй, аргачлал боловсруулан хэрэгжүүлнэ.
 
Долоо.“Авьяас” дэд хөтөлбөрийн зорилт,
            хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
7.1. Монгол хүүхдийг хөгжүүлэх арга зүй, технологийг боловсруулах:
7.1.1. монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгаа хийнэ;
7.1.2. хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулна;
7.1.3. хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн нэгдсэн загвар боловсруулж хэрэгжүүлнэ;
7.1.4. сургууль, цэцэрлэг бүрд хүүхдийн хөгжлийн танхим ажиллуулж, дугуйлан, секцийн үйл ажиллагааг клуб хэлбэрээр зохион байгуулна;
7.1.5. хүүхдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагад дэмжлэг үзүүлнэ;
7.1.6. холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
7.2. Хүүхдийн авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүй, технологийг боловсруулж, түгээх:

7.2.1. хэл, өгүүлэхүйн мэдрэмж, хараа, орон зайн мэдрэмж, хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмж, хэмнэл, сонсголын мэдрэмж, логик, харилцааны мэдрэмжид суурилсан авьяасыг нээн хөгжүүлэх арга зүй, технологийг тус тус боловсруулна;
7.2.2. хүүхдийн авьяас, чадварт тулгуурлан сурах арга барил, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулна.
7.3. Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж багш, эцэг эх, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын  хамтын ажиллагааг хөгжүүлэх:
7.3.1. хүүхдийн авьяас билгийг нээж, хөгжүүлэхэд чиглэсэн теле сургалт, хөрөг, баримтат болон уран сайхны нэвтрүүлэг, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг зэрэг телевиз, радио, сэтгүүл зүйн бүтээл туурвиж, нийтийн хүртээл болгоно;
7.3.2. хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, лекц зохион байгуулна;
7.3.3. хүүхдийн хөгжил, авьяас билгийн талаар санал солилцох, мэдээлэл түгээх зорилго бүхий “Авьяас” цахим хуудсыг тогтмол ажиллуулна;
7.3.4. ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан, секцийг авьяаслаг иргэдээр удирдуулах ажлыг  дэмжиж, зохион байгуулна;
7.3.5. секц, дугуйлан хичээллүүлсэн багшид нэмэлт хөлс тооцож олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ;
7.3.6. ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секц хичээллүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлнэ;
7.3.7. байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх авьяастай хүүхэд, залуучуудыг дэмжих, бүтээлийг нь үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
7.3.8. хүүхдийн баярыг хүүхэд бүхэн авьяасаа нээн хөгжүүлсэн, бүтээлээрээ бахархах баярын өдөр болгон зохион байгуулна.
 
Найм. “Ном” дэд хөтөлбөрийн зорилт,
            хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
8.1. Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах:
8.1.1. номыг бүтээлчээр унших арга зүйн зөвлөмжийг боловсруулж, түгээнэ;
8.1.2. ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх телевизийн цуврал нэвтрүүлэг, теле хичээл, хүүхдийн ертөнцийг нээн харуулсан богино хэмжээний, цуврал уран сайхны кино, сэтгүүл зүйн бүтээл туурвиж, олон нийтийн хүртээл болгоно;
8.1.3. “Ном” цахим хуудсыг тогтмол ажиллуулж, хүүхэд, насанд хүрэгчид ном унших, харилцан суралцах интернэт орчин бий болгож өргөжүүлнэ;
8.1.4. үргэлжилсэн үг, яруу найраг, кино, телевиз, жүжгийн зохиол, фото болон уран зураг, график дизайн зэрэг чиглэлээр хүүхдийн туурвисан шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулж, үндэсний хэмжээнд “Хүүхдийн ном” бүтээнэ;
8.1.5. хүүхдийн дунд номтой нөхөрлөх хөдөлгөөн өрнүүлэх, үүнд хүүхэд, гэр бүл, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг татан оролцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургууль, аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвд ном уншигч хүүхдүүдийн клуб, сонирхлын бүлэг байгуулж, үйл ажиллагааг дэмжинэ;
8.1.6. эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, чуулган, номын яармаг зохион байгуулна;
8.1.7. хүүхдийн дунд номыг бүтээлчээр унших хөдөлгөөн өрнүүлэх, ном зохиох, хэвлэн нийтлэх, гэрийн болон явуулын номын сан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэд, төр, иргэний нийгмийн байгууллагыг дэмжинэ.
8.2. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн ном зохиох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжих:
8.2.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн номын санд хэрэгцээтэй номын судалгааг хийж, жагсаалт гарган, үе шаттайгаар нийлүүлж бага, дунд, ахлах анги бүрийг “Ангийн номын сан”-тай болгоно;
8.2.2. хүүхдийн сонирхон унших сэдвээр үргэлжилсэн үг, яруу найраг, орчуулга, кино, жүжиг, хүүхэлдэйн кино, зурагт номын уралдаан зарлаж дүгнэн, хүүхдийн сэдэвт бүтээлийн сан бий болгож, олны хүртээл болгоно;
8.2.3. ном уншихыг энгийн дадал, хэвшил болгож, номоос олж авсан ухаарлаа амьдралд тусгах чадварыг хүүхдэд эзэмшүүлэх  зорилгоор “Би ном унших дуртай” төслийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр хэрэгжүүлнэ.

Ес. Хөтөлбөрийн санхүүжилт
 
9.1. Улсын төсөв.
9.2. Орон нутгийн төсөв.
9.3. Олон улсын төсөл, хөтөлбөр.
9.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив.
 
Арав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
     зохион байгуулалт
 
10.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийг стратегийн бодлого, төлөвлөлтөөр хангах,     хяналт-шинжилгээ хийх, санхүүжүүлэх үүргийг хүлээнэ.
10.2. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг арга зүйгээр хангах үүргийг  боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хүлээнэ.
10.3. Багш, удирдах ажилтны мэргэжил, арга зүй, ур чадварыг дээшлүүлж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн уян хатан, сонголттой, чанартай үйлчилгээ үзүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх үүргийг үндэсний түвшинд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, арга зүй, судалгааны байгууллага хүлээнэ.
10.4. Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний арга зүй, тогтолцоо  бүрдүүлэн хэрэгжүүлэх үүргийг боловсролын үнэлгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
10.5. Нийгмийн захиалга, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг чадвартай багш бэлтгэх, тэдний тасралтгүй хөгжлийг хангах ажлыг төрийн өмчийн багш бэлтгэх их, дээд сургуулиуд хариуцна.
10.6. Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх үүргийг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
10.7. Боловсролын байгууллагыг чадавхжуулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүтээлч үйл ажиллагааг  дэмжих,  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах үүргийг аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс хариуцна. 
10.8. Боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтнууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, суралцагч, эцэг эх, олон нийттэй хамтран ажиллана.
10.9. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын болон иргэний нийгмийн төлөөллийн оролцоог хангаж ажиллах үүргийг албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага хариуцна.
 
Арван нэг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн
                  шалгуур үзүүлэлт
 
11.1. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” дэд хөтөлбөр:
11.1.1. сургалтын үндсэн хүрээг амжилттай хэрэгжүүлсэн цэцэрлэгийн тоо;
11.1.2. боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдуулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийн тоо;
11.1.3. хүүхэд  бүрийг хөгжүүлэх арга зүй, тэргүүн туршлага түгээсэн багш нарын эзлэх хувь;
11.1.4. багш нарынхаа бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай болсон сургуулийн эзлэх хувь;
11.1.5. сургалтын шинэ арга зүй, технологи нэвтрүүлсэн багшийн эзлэх хувь;
11.1.6. олон улсын үнэлгээний аргачлалаар үндэсний хэмжээнд авсан сурлагын амжилтын үнэлгээний онооны зөрүү багассан хувь;
11.1.7. боловсролын стандарт, хөтөлбөрийн түвшин хангаагүй хүүхдүүдээс ахиц дэвшил гаргаж, амжилт үзүүлсэн сурагчдын эзлэх хувь;
11.1.8. суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх олон улсын жишигт нийцсэн даалгаврын сангийн өсөлтийн хэмжээ;
11.1.9. багш бэлтгэх их, дээд сургуулийн шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн хувь;
11.1.10. цэцэрлэгт бакалавр, магистр зэрэгтэй багшийн эзлэх хувь;
11.1.11. ерөнхий боловсролын сургуульд магистр зэрэгтэй багшийн эзлэх хувь;
11.1.12. багш бэлтгэх их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны өсөлт, бууралтын хувь;
11.1.13. мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багшийн эзлэх хувь;
11.1.14. сургалтын орчны стандартыг боловсруулсан байдал, үр дүн;
11.1.15. хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн, чанартай тоглоом наадгай, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан цэцэрлэгийн тоо;
11.1.16. сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тавих шинэчилсэн стандарт, шаардлагад нийцүүлэн боловсруулсан сурах бичиг, хэрэглэгдэхүүний тоо;
11.1.17. сурах бичгийн чиглэлээр зохион байгуулсан мэргэшүүлэх сургалт болон түүнд хамрагдсан мэргэжилтний тоо;
11.1.18. хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн багшийн ажлын үнэлгээний арга зүй, аргачлалыг боловсруулсан байдал, үр дүн.
11.2. “Авьяас” дэд хөтөлбөр:
11.2.1. хүүхдийн хөгжлийн суурь судалгаа хийсэн байдал, үр дүн;
11.2.2. хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулсан байдал, үр дүн;
11.2.3. хүүхэд бүрийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан сургууль, цэцэрлэг;
11.2.4. хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх арга зүй, технологийг боловсруулсан байдал, үр дүн;
11.2.5. боловсруулж, түгээсэн гарын авлага, арга зүйн зөвлөмжийн тоо;
11.2.6. багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын тоо, хамрагдсан хүний тоо;
11.2.7. үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн теле хичээл, нэвтрүүлгийн тоо, чанар;
11.2.8. зохион байгуулсан лекцийн тоо, ач холбогдол;
11.2.9. дугуйлан, секцийг удирдсан багш,  сайн дурынхны тоо;
11.2.10. дугуйлан, секц хичээллүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
11.2.11. хөтөлбөрийн хугацаанд дугуйлан, секц, клубт хамрагдсан суралцагчдын тоо;
11.2.12. зохион бүтээх авьяастай хүүхэд, залуучуудын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бүтээлийн тоо.
11.3. “Ном” дэд хөтөлбөр
11.3.1. номыг бүтээлчээр унших арга зүйн зөвлөмжийг боловсруулсан байдал, үр дүн;
11.3.2. номыг бүтээлчээр унших арга зүйг эзэмшсэн суралцагчийн тоо;
11.3.3. үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн теле хичээл, нэвтрүүлгийн тоо, чанар;
11.3.4. цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шилдэг бүтээлээр үндэсний хэмжээнд туурвисан “Хүүхдийн ном”-ын чанар, хүртээмж;
11.3.5. хүүхдийн номын клубын тоо, үйл ажиллагааны тогтворжилт;
11.3.6. зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын тоо, ач холбогдол;
11.3.7. хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн, өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийг дэмжих чиглэлээр туурвисан бүтээлийн тоо, төрөл, чанар;
11.3.8. “Би ном унших дуртай” төслийн уралдаанд шалгарч, хэрэгжсэн төслийн тоо, үр дүн.
 
 
-----оОо-----

0 comments:

Post a Comment